Усны сав шидсэн үзэгчийн лигийн тоглолт үзэх эрхийг хязгаарлажээ

O.Admin
2023-01-18

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн "Эрдэнэтийн Уурхайчид" болон "М Гарьд" багийн хооронд энэ сарын 15-нд болсон тоглолтын үеэр тоглогчдын хооронд сөргөлдөөн үүссэн.

Тухайн үед зүй бус үйлдэл гаргасан зарим тоглогчид Монголын сагсан бөмбөгийн холбооноос шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал "Эрдэнэтийн Уурхайчид" багийн Т.Санчирыг "өөрийгөө болон бусад тоглогчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан" шалтгаанаар, "М Гарьд" багийн Б.Мөнхболдыг "маргаан гарах нөхцөлийг бүрдүүлсэн" шалтгаанаар тус бүр нэг тоглолт өнжүүлэх шийтгэл оногдуулсан байна.

Түүнчлэн "Эрдэнэтийн Уурхайчид" багийн Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ, "М Гарьд" багийн Г.Билгүүн нарт сануулах шийтгэл ногдуулж дараагийн үйлдэлд нь торгох, тоглолт өнжүүлэх шийтгэл оногдуулахыг анхааруулжээ.

"М Гарьд" баг 12-р сарын 6-ны өдөр зохион байгуулагч албаны хүмүүстэй ёс зүйгүй харьцаж, биед нь халдсан асуудал гаргаж байсан. Тухайн үед сануулаад өнгөрсөн ч дахин зөрчил гаргасан тул 850 мянган төгрөгөөр торгосныг мэдэгдэлд дурджээ.

Мөн тоглогч руу үзэгчдийн суудлаас усны сав шидсэн байна.Тэгвэл сав шидсэн үзэгчийн 2022-23 оны лигийн тоглолт үзэх эрхийг хязгаарласан талаар Дээд лигийн тоглолтуудыг зохион байгуулж буй UG Arena-аас мэдэгдлээ.

Хоёр багийн тоглолт 83-77 харьцаагаар Уурхайчдын ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын 4-р үеийн сүүлийн долоон минут үргэлжилж байх үед Уурхайчдын н.Ган-Эрдэнэ, Гарьдын н.Болор-Эрдэнэ нар үл ойлголцож улмаар хоёр багийн тоглогчид сөргөлдөөд амжсан юм.