Италийн Сери А лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт аваргаа хамгаалж байгаа “Ювентус” клуб талбайдаа “Лацио”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байна.
Тоглолтын 30 дахь минутад Пьянич тооны харьцааг нээж, гоолдсон. Улмаар 75 дахь минутад Манжукич нэгийг нэмж, багтаа ялалт авчирлаа. “Ювентус”-ын “шинэ цэрэг” Роналдо эхний хоёр тойрогт гоолдсонгүй. Харин энэ тоглолтод сүүлчийн гоолын дамжуулалтыг өгчээ.
Хоёрдугаар тойрогт “Наполи” клуб “Милан”-ыг талбайдаа хүлээж авч, ширүүн “тулаан”-ы дараа 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр мөн л хоёр дараалж хожиж, 6 оноотой боллоо. Тоглолтын 15 дахь минутад Бонавентура гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 49 дэх минутад Калабрия нэгийг нэмж, “Милан” тэргүүллээ баталгаажуулсан. Гэвч 53, 67 дахь минутад Зелиньски хоёрыг оруулж, тэнцүүлж дөнгөх нь тэр. Улмаар Мертенс 80 дахь минутад гоолдож, багтаа ялалт авчирсан юм.