Токио тунхаглал 2023 хамтарсан мэдэгдэл гаргалаа

O.Admin
2023-03-02

              Шударга, хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэлхийн хотууд нэгдэнэ

“G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум Японы Токио хотноо болж өнгөрлөө. Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд, хотуудад тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах талаар хэлэлцэж, цаашид шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн төлөө хотын удирдлагууд туршлагаасаа хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Цаашдын хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн энэхүү арга хэмжээний оролцогчид 18 заалттай “Токио тунхаглал 2023” хэмээх хамтарсан мэдэгдлийг гаргалаа.

Энэ тунхаглалд илүү хүртээмжтэй, аюулгүй хотыг бий болгох, тогтвортой, шударга нийгмийг цогцлоох заалтуудыг тусгасан. Тухайлбал, жендерийн тэгш эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах талаар онцолсон юм. Мөн байгалийн гамшгийн хор хохирлыг бууруулах, тухайлбал Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирлыг арилгахад хотууд нэгдэн туслах санаачилгыг энэхүү тунхаглалд багтаав.

Токио хотын Захирагч Юрико Коикэ:

-Уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал зэрэг бидэнд тулгамдаж буй асуудал нийтлэг. Цаашид эдгээр асуудал, бэрхшээлийг хамтдаа даван туулж, сайн туршлага, шинэ санаачилгаа хуваалцахаар дэлхийн таван тивээс 30 гаруй хотын төлөөллийг оролцуулсан “G-NETS” форумыг зохион байгууллаа. Оролцогчдын олонх нь цар тахал болон Орос-Украины дайнаас үүдсэн бэрхшээл, тэр дундаа эрчим хүчний хямралын талаар онцолж байна. Мөн хүн амын хэт төвлөрөл, насжилт, төрөлт буурах, байгаль экологийн тэнцвэр гээд адил төстэй асуудлууд  бүгдэд тулгарч буй нь уулзалтаас харагдаж байна.

Токио хотын зүгээс форумын оролцогч, зочдод хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалт, дэвшилтэт технологио танилцуулсан. Мөн бусад хоттой туршлагаа хуваалцаж хэлэлцсэнээр олон асуудлыг шийдэх гарцыг олж харлаа. Цаашид “G-NETS”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр Ажлын хэсэг гаргаж, хотуудын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Тухайлбал, ирэх оны тавдугаар сард “G-NETS” олон улсын хурлыг  хоёр дахь удаа зохион байгуулна хэмээлээ.

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Дэлхийн хотууд тогтвортой, хүртээмжтэй нийгмийг цогцлоож, иргэддээ, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд гарч буй шинэ санаачилгыг дэмжих дээр форумын оролцогчид санал нэгдэж байна. Мөн цаашид хамтын ажиллагаагаа тэлэх, спорт, урлаг, нийгэм, залуусын хөгжилд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар бид санал солилцлоо” гэсэн юм.