Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2018-2019 оны улирал эхлэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаас 00:00 цагаас Францын Монако хотноо Аваргуудын лигийн хэсгийн сугалаа татах ёслол боллоо.
Сугалаа эхлэхээс өмнө “Ливерпүүл” клубын багтсан хэсэгт л “дайн” болох нь ойлгомжтой байсан. Учир нь Английн шилдэг баг гуравдугаар сагсанд багтаж байсан юм. Тэгвэл “Ливерпүүл” энэ улирлын Аваргуудын лигийн С хэсэгт багтлаа. Энэ хэсгийг Францын аварга “ПСЖ” тэргүүлнэ. Харин хоёрдугаар сагснаас Италийн шилдэг баг “Наполи” орж ирлээ. Энэ гурван багийн “бэлтгэл хангагч”-аар 1991-1992 оны улирлаас хойш анх удаа Аваргуудын лигт орж ирж байгаа “Црвена Звезда” клуб шалгарсан.
Мөн Н хэсэгт сонирхолтой тоглолтууд болох нь. Энэ хэсгийн тэргүүн багаар Италийн аварга “Ювентус” тодорлоо. Харин хоёрдугаар сагснаас Английн “Манчестер Юнайтед” клуб энэ хэсэг рүү орсон. Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгч Роналдо хуучин багийнхаа талбайд өөр нэгэн багийн тоглогчийн дүрээр эргэж очих нь. Энэ хоёр баг дээр Испанийн “Валенсия” нэмэгдсэн хэсгийг улам өрсөлдөөнтэй болгож байгаа юм.
D хэсэгт мөн сонирхолтой тоглолтууд болох нь. Оросын “Локомотив”, Португалын “Порто”, Германы “Шальке”, Туркийн “Галатасарай” гэсэн чансаа ойролцоо дөрвөн баг багтлаа. Аль ч баг нь хэсгээс гарах боломжтой.