Ё.Басхүү ДАШТ-ээс хос хүрэл медальтан боллоо

O.Admin
2023-05-09

"Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалиар энгэрээ мялааж дэлхийн хос медальтан болов. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд "Токио-2020" олимпийн мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт "бензин"-ээ шавхтал 9 минут хүчийг үзээд даралтаар ялж шагналын тавцанд зогссон.

Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин. Түүнээс өмнө нь хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар ийм амжилтыг үзүүлж байв.