“Ливерпүүл”, “Челси” дөрөв дэх хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-02

Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Эхний гурван тойрогт ганц ч гоол алдагүй хожоод байсан “Ливерпүүл” клуб энэ удаад “Лестер”-ийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр дөрөв хожиж, 12 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.

Тоглолтын 10 дахь минутад Манье гоолдож, тооны харьцааг нээсэн. Мөн тэрбээр 4 тойрогт 4 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэгвэл 45 дахь минутад Фирмино нэгийг нэмж, улирлын анхны гоолоо орууллаа.  Эзэн багаас нэр төрийн ганц гоолыг Геззаль 63 дахь минутад оруулжээ.

Энэ улирлыг эрчтэй эхлүүлсэн “Челси” клуб дөрөвдүгээр тойрогт талбайдаа “Борнмут”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр дөрөв дэх хожлоо авч, 12 оноотой болов. Тоглолтын 72 дахь минутад Педро тооны харьцааг нээсэн бол Азар 85 дахь минутад гүйцээжээ. 

Бусад тоглолтын үр дүн

Эвертон 1-1 Хаддерсфилд

Вест Хэм 0-1 Вулверхэмптон

Кристал Палас 0-2 Саутгэмптон

Брайтон 2-2 Фулхэм

Манчестер Сити 2-1 Ньюкасл