Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын 18 дугаар наадам болж байна. Тэгвэл өчигдөр орой Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний медалийн төлөөх тоглолтууд боллоо. Финалд Азийн хөлбөмбөгийн хүчирхэг гүрнүүд болох Солонгос болон Японы шигшээ багууд хоорондоо тулсан.
Энэхүү тоглолтод Солонгосын шигшээ баг өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авч, Азийн наадамд түрүүлсэн юм. Тоглолтын үндсэн цагт гоол ороогүй. Харин цаг сунгахад 93 дахь минутад Ли Сун Во тооны харьцааг нээсэн бол Ван Хе Чан 101 дэх минутад нэгийг нэмсэн юм. Японы багаас 115 дахь минутад Аяаси нэр төрийн ганц гоол оруулжээ.
Солонгосын шигшээ баг ийнхүү Азийн наадмын аварга болсноор бүтэн багаараа цэргийн албанаас чөлөөлөгдлөө. Тэр дундаа Английн “Тоттенхэм” клубын хагас хамгаалагч Сон Хын Мин цэргийн албанаас 26 насандаа чөлөөлөгдөж, багтайгаа 5 жилийн гэрээ сунгах боломжтой боллоо.