Улсын арслан М.Бадарчийн биеийн байдал тогтворжсон гэлээ

O.Admin
2023-09-07

Допингийн асуудалд нэр холбогдоод байсан, Архангай аймгийн харьяат, "Нутгийн буян" группын бөх, өнөө жилийн Улсын баяр наадмын түрүү, Улсын арслан М.Бадарч өчигдөр авто осолд орсон билээ. Тэрбээр, өчигдөр өглөө үүрээр Богд уул руу салхинд гараад ирье хэмээн гарсан бөгөөд удалгүй автомашины осолд орсон хэмээн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ГССҮТ-д хүргэгджээ. 

Түүнийг өчигдрийн байдлаар "Биеийн байдал муу, дотуур цус алдсан байж магадгүй, ярьж чадахгүй байгаа" гэх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн өгч байсан бол өнөөдөр биеийн байдал тогтворжиж, гарын гэмтлээ эмчлүүлэхээр Гар сарвуу нөхөн сэргээх бичил тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

М.Бадарчийн тухайд өчигдөр үдээс хойш хэвлэлийн хурал зарлахаар товлоод байсан бөгөөд Монголын допингийн холбоог шалгуулах, шинжилгээний хариу үнэн зөв гарсан эсэхэд эргэлзэж буй талаараа хэвлэлийн хурал хийхээр товлож, "Сэтгэл санаагаа сэргээж ууланд гараад ирье" хэмээн гарч яваад осолд оржээ.