Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас өнөө жилийн Улсын баяр наадмын үзүүр, түрүүний нэг бөхөөс допинг илэрсэн гэдгийг мэдэгдсэн бөгөөд тэр нь Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн харьяат, "Нутгийн буян" группын бөх М.Бадарч байсан нь тодорхой болсон.
Гэсэн ч М.Бадарч арслан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, хэвлэлийн хурал хийх гэж байхдаа ууланд осолдож гэмтэл авсан бөгөөд гэмтлээ эмчлүүлж гарч ирснийхээ дараа өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан "Наадмын өмнө түрүү, үзүүр бөхөөс допинг илэрч магадгүй гэх яриа явж байсан" гэх утгатай мэдэгдэл хийж, өөрийг нь зохион байгуулалттай гүтгэсэн, улс төрийн нөлөө орсон хэмээж байв.
Мөн өөрийн биеэр БНСУ-д байх Допингийн олон улсын төвд В сорьцоо хүргэж өгсөн буюу тагийг нь нээсэн билээ. Тэгвэл уг шинжилгээний хариу мөн албан ёсоор гарч, В сорьцоос нь допинг буюу бүх цаг үед хамгийн хүчтэй гэгдэх Метенолон илэрчээ. Тэрбээр, энэ талаар өөрөө албан ёсоор мэдэгдэл хийнэ гэдгээ "Eguur.mn" сайтад өгсөн тодруулгадаа онцолжээ.