Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 2027 он хүртэл хасах уу

O.Admin
2023-09-28

Улсын баяр наадмаар Улсын арслан цолны болзол хангаж түрүүлсэн М.Бадарчийн бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хурааж, 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргажээ. 

Эргэн сануулахад, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос дээгүүр даваанд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад нэг бөхийн хариу эргэлзээтэй гарсан бөгөөд энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг олон нийтэд мэдэгдсэний дараа Улсын арслан М.Бадарч мөн хэмээх мэдээлэл гарсан. Гэсэн ч М.Бадарч үүнийг үгүйсгэсэн бөгөөд "Наадмын өмнө түрүүлсэн бөхөөс допинг илэрч магадгүй гэх яриа гарсан байсан. Зохион байгуулалттай гүтгэлээ" хэмээн мэдээлэл өгсөн. Тэгвэл өөрөө БНСУ-д очиж В сорьцоо задалж, хариуг нь хянаж байсан ч түүнээс бүх цаг үеийн хамгийн хориотой допинг илэрсэн билээ. 

М.Бадарчийн цолыг хурааснаар Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор болжээ.