Дөрөв дэх удаагийн Азийн пара наадмын тэмцээн, уралдаан сагсан бөмбөгийн төрлөөр эхэллээ. Энэ удаад 43 орны 4000 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорино.
Манай улсаас жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон гэсэн төрлөөр 68 тамирчнаа илгээсэн юм. Тэгвэл өнөөдөр манай тамирчдын тэмцээн албан ёсоор эхэллээ. Монгол тамирчдын салхийг хагалж бадминтоны тамирчин М.Мөнхзул Тайландтай, Г.Соронзонболд Ирактай эхний тоглолтоо хийв.
Энэ удаагийн наадамд хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дөрөв дэх удаагаа оролцож буй. Тэрбээр анхдугаар наадмаас эхлэн тасралтгүй өрсөлдөж байна гэсэн үг. Түүний хувьд таван жилийн өмнө Жакартагийн Азийн пара наадамд түрүүлсэн билээ. Харин Монголын шигшээгийн хамгийн ахмад тамирчин нь өдгөө 65 настай Ч.Наранцэцэг юм. Түүний хувьд суугаа волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа. Харин хамгийн залуу нь усанд сэлэлтийн Х.Намуун аж. Пара наадмын нээлтийн ёслолын ажиллагаа нөгөөдөр буюу ням гарагт болно.