Чөлөөтийн эрчүүд Якутаас 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-09

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ есдүгээр сарын 6-8-нд ОХУ-ын Сахагийн «Триумф» ордонд боллоо.  Нэрт дасгалжуулагчийн 90 насны дурсгалд зориулсан XI удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, БНХАУ, Гүрж, Грек, Герман, Иран, Испани, Итали, Израиль, Казахстан, Колумб, Молдав, Македон, Финлянд, Турк, Румын, Унгар, Узбекистан, Украин, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон гээд Европ, Ази, Америк тивийн 30 орны 195 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.Үүнээс олимп, дэлхийн медальтай 20-иод бөх зодоглосон юм.

Нийт 180 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор сарын дараа Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох есөн тамирчин (гавьяат тамирчин Э.Бэхбаяраас бусад нь оролцсон) хүч үзсэн. Манай эрчүүд Якутад дэлхийн аваргын өмнөх бэлтгэлээ шалгаж таван мөнгө, гурван хүрэл, нийт найман медаль хүртэв.

Тодруулбал, 61 кг-ын жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга 65 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга, 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Ө.Батзул, 125 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл  79 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин МУГТ П.Өнөрбат, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох нар хүрэл медалийн эзэн боллоо. Якутууд нэрт дасгалжуулагчийн дурсгалд зориулсан тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан бөгөөд алтан медаль хүртвэл 7000, мөнгө бол 5000, хүрэл авбал 3000 ам.долларын шагнал өгсөн юм.