“Манчестер Юнайтед” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Люк Шоу Испанийн эсрэг хийсэн шигшээ багийн тоглолтын үеэр хүнд бэртэл авлаа. Энэ жил 23 настай Шоу хоёрдугаар үед “Реал”-ын хамгаалагч Даниэл Карвахалтай мөргөлдөж, унасан.
Түүнийхээ дараа босч чадахгүй болж, зургаан эмч удаан хугацаанд үзлэг хийсний эцэст дамнуурга дээр хэвтүүлж, талбайгаас авч гарсан юм. Түүний оронд 53 дахь минутад Дэний Роуз талбайд орж ирсэн. Одоогоор Шоугийн бэртэл ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Харин Шоу өөрөө твиттер хуудсаараа дамжуулж, “Тусалж, дэмжиж, миний төлөө санаа зовж байгаа хүмүүстээ баярлалаа. Би удахгүй эргэж ирнэ” хэмээн жиргэжээ. Өмнө нь тэрбээр 2015 оны есдүгээр сард хөлөө хугалж, 10 сарын турш хөлбөмбөг тоглоогүй билээ.