Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Улсын начин Д.Амарсайханд гардуулж, баяр хүргэв.
Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.