Мессиг “ичээсэн” шагнал

O.Admin
2024-01-16

Өнөөдөр Английн Лондон хотноо "The BEST FIFA football awards 2023" шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

ФИФА ( Олон улсын хөлбөмбөгийн холбоо)-ноос оны шилдэг тоглогч, дасгалжуулагч, хаалгачийг эрэгтэй , эмэгтэй тус бүрт шалгаруулдаг болсоор цөөнгүй жилийг үдэж буй. Мөн оны шилдэг гоол, шилдэг хөгжөөн дэмжигч гэх мэт олон номинациар хөлбөмбөгийн ертөнцийн оны шилдгүүдийг тодруулдаг ч оны шилдэг тоглогчийн шагнал хамгийн их анхаарал татдаг билээ.

ФИФА -ын энэхүү шагналын эздийг тодруулахад ФИФА -ийн гишүүн 211 орны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар ( эрэгтэй багийн ахлагч, дасжалжуулагчид эрэгтэй шилдэгт, эмэгтэй нь эмэгтэйдээ саналаа өгдөг) болон ФИФА-аас сонгогдсон орон орны нэг нэг сэтгүүлч ( бүх номинацид санал өгдөг) , мөн фанатуудын санал ( 4 сегмент тус бүр 25%) эцсийн үр дүнд нөлөөлдөг. Энэ жилийн хувьд оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид Монголын эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат Бонмати, Мияазава, Паральюэло, багийн ахлагч О.Цасан-охин Кайседо, Паральюэло, Жэймс гэсэн дарааллаар саналаа өгсөн.

2023 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Испанийн шигшээ баг болон "Барселона" клубын тоглогч Айтана Бонмати шалгарсан. Арга ч үгүй. Испанийн бүсгүйчүүд дэлхийн аварга болж, "Барселона" клуб "Аваргуудын лиг"-д түрүүлэхэд Бонмати гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн "айргийн тавд" Колумбын Кайседо, Испанийн Эрмоса, Испанийн Паральюэло, Австралийн Керр нар багтлаа. Харин 2023 оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Месси тодорсон нь хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тариад зогсохгүй Мессиг өөрийг нь хүртэл "ичээж", ФИФА-ийн нэр хүндийг шившигтэй байдалд оруулсан үйл явдал боллоо.

"The BEST" бол дээр хэлсэнчлэн тухайн оны л шилдгийг тодруулах ёстой шагнал. Яг 2023 онд Месси Францын лигт түрүүлснээс өөр олигтой амжилт гаргаагүй. Гол өрсөлдөгч Хааланд нь гэхэд л "Аваргуулын лиг" болон Английн Премьер лигт түрүүлж, Английн болон УЕФА-ийн Супер цомын эзэн болсон. ФИФА-аас "2023 оны шилдэг тоглогчийн шагналд 2022 оны 12 сарын 19-нөөс 2023 оны наймдугаар сарын 20 хүртэлх хугацаанд гаргасан амжилт, үзүүлсэн тоглолтыг тооцно" гээд журамд нь заасан байгаа. Оны шилдэг хөлбөмбөгчинд Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , япон мэргэжилтэн Ичиро Оцүка Месси, Хааланд, Райс ( энэ тоглогчид санал өгсөн цорын ганц хүн) гэсэн дарааллаар, харин багийн ахлагч Х.Цэнд-Аюуш Мбаппе, Хааланд , Месси гэсэн дарааллаар саналаа өгчээ.

Mungkin gambar 9 orang, orang bermain sepak bola, orang bermain sepak bola dan teks

Миний хувьд "The Best" -д ФИФА-ийн сонголтын дагуу 2016 оноос хойш саналаа өгч ирсэн бөгөөд энэ удаа (2023 оны шилдэгт) шилдэг эрэгтэй тоглогчид Хааланд, Мбаппе, Де Брюине, эмэгтэй тоглогчид Бонмати, Эрмоса, Миязава гэсэн дарааллаар саналаа өгсөн. Монгол улсыг төлөөлж өгч буйн хувьд хувийн сонирхол, үзэл бодлоо бус аль болох бодит, мэргэжлийн үүднээс саналаа өгөхийг хичээдэг. ФИФА хэн нь хэнд санал өгснийг 100 хувь ил болгодог тул хариуцлагатай , мэдрэмжтэй байх ёстой ч гэж боддог. Ингээд 2023 оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин тодруулах санөл асуулгад Месси, Хааланд хоёр адилхан 48 оноотой тэнцсэн тул журмын дагуу багийн ахлагч нарын саналд илүү оноо авсан гэсэн заалтаар Месси "The Best FIFA Men's player 2023" шагналыг хүртэв.

Mungkin gambar 4 orang, orang bermain sepak bola dan teks

Товчхондоо бол дасггалжуулагч, сэтгүүлчид Хааландад, багийн ахлагч, фанатууд Мессид илүү их санал өгсөн. Гэхдээ Месси шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирээгүй. Шагнал авах ёсгүй гэдгээ мэдэж байсан уу? эсвэл ийм юм болно гэдгээс "ичээд" очсонгүй юу бүү мэд. 2023 шилдэг эрэгтэй тоглогчдын санал асуулгад " айргийн тавд" Месси, Хааланд нарын араас Мбаппе, де Брюине, Осимхен нар бичигдлээ. Аливаа шагнал "нүдээ олох" сайхан. Харин удаагийн ФИФА-ийн "The Best FIFA men's player 2023" шагнал нүдээ бүү хэл нүүрээ ч оносонгүй ээ.

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин