Монголын боксчид Унгарын Дебреценээс найман медаль хүртжээ

O.Admin
2024-01-22

Унгарын боксын холбооноос зохион байгуулсан Боцкай Иштваны нэрэмжит 68 дахь удаагийн олон улсын тэмцээн Дебрецен хотноо болж өндөрлөв. Олимп, дэлхий, Европын аваргууд оролцдог Боцкайн дурсгалд зориулсан энэ удаагийн тэмцээнд 12 орны 170 орчим тамирчинх өрсөлдсөн байна.

Монголын боксчид уг тэмцээнээс найман медаль хүртжээ. Тодруулбал, О.Есүгэн, М.Намуун нар алтан медалиар энгэрээ мялаасан байна. М.Намууны хувьд түрүүлээд зогсохгүй уг тэмцээний шилдгээр тодорч цомын эзэн болжээ. Харин Л.Алтанцэцэг, Г.Бадмаараг мөнгө, Б.Мишээлт, Т.Болортуул, Б.Баттулга Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид хилийн чанадад хийх бэлтгэл, тэмцээний гараагаа Унгарын Дебреценээс эхэлсэн юм. Тус хотод 10 хоног хамтарсан бэлтгэлд хамрагдсан манай боксчид 2024 оны эхний тэмцээндээ амжилттай оролцсон нь энэ. Манай тамирчид дараагийн бэлтгэл, тэмцээндээ оролцохоор Болгарын Софи хотыг зорьсон байна.