Дүүжин тээвэр жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах боломжтой

O.Admin
2024-02-07

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар өнөөдөр албаныхан мэдэгдсэн. Тус төслийн гэрээнд өнгөрөгч оны зургаадугаар сард гарын үсэг зурсан бөгөөд одоогоор зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж буй аж.

Түгжрэлийг бууруулах төслийн нэгж, гүйцэтгэгч Франц Улсын "Пома" группийн зүгээс өгч буй мэдээллээр дүүжин тээврийг 2025 оны зургаадугаар сард хүлээлгэн өгч олон нийтэд нээх гэрээтэй аж.

Франц улсаас ирсэн Пома компанийн мэргэжилтэн дүүжин тээврийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Тэрбээр “Манай компани өөрсдийн технологийг хотын дүүжин тээвэрт хэрхэн ашиглаж болохыг баталж харуулсан. Өнөөдрийн байдлаар Медлин хотод зургаан дүүжин тээврийн шугам холбогдсон хүмүүсийн сонгох дуртай нийтийн тээвэр болоод байна. Францын Тулуз хотод дүүжин тээврийг нийтийн тээвэртэй хослуулан хэрэгжүүлсэн. 1-2 жилийн өмнө ашиглалтад орсон энэ төсөл маань зорчигчдын хамгийн талархлыг хүлээсэн шугам болсон. Дүүжин тээврээсээ буугаад автобус, нийтийн тээвэртээ суух боломжийг бүрдүүлсэн. Сүүлийн үед дэлхийн том хотуудад том сорилтууд тулгарч байна. Гол, төмөр зам, газар зүйн байршлаараа хуваагдсан, түгжирсэн, агаарын бохирдол ихтэй гэсэн ийм гурван асуудал тулгамдаад байна. Дүүжин тээвэр энэ бүх асуудлыг шийдэх боломжтой. Амьдралын чанарыг сайжруулж чадаж байгаа. Телео хотын дүүжин тээвэр 40 минут зорчдог байсан хугацааг дөрөв дахин багасгасан. Францын дүүжин тээвэр хоёр талдаа 10 мянган хүн тээвэрлэх боломжтой. Энэ хүмүүсийг автобусаар тээвэрлэвэл нэг цагт 100 автобус хэрэг болно. Харин автомашин гэвэл 2000 автомашин хэрэг болно.

Бид Оросын Нижний Новгород хотод мөн төсөл хэрэгжүүлсэн. Хүйтэн, цастай мөстэй газар дүүжин тээврийг ашиглах боломжтой гэдгийг харуулсан. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ажиллах боломжтой. Энэ төсөл 2008 оноос хойш Орос улсад хэрэгжиж байна. Дүүжин тээвэр бол нийтийн тээвэр, хотын тээвэрт зохицдог систем гэдгийг та бүхэндээ харуулахыг зорилоо” гэлээ.