“Токио-1964”, “Мехико-1968”, “Мюнхен-1972” олимпийн наадам, дэлхийн долоон удаагийн аварга хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУТ энэ сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт боллоо. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайханы удирдлага дор Минскт манай улсын эрэгтэй нэг, эмэгтэй таван тамирчин хүч үзсэн юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор алт, ОУХМ Э.Даваачимэг хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл сүүлийн өдөр буюу өчигдөр 57 кг-д “Жакарта-2018” Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг манайхны хоёр дахь алтан медалийг авчирлаа.
Манай эрэгтэй бөхчүүд өнгөрсөн долоо хоногт Якутад таван мөнгө, гурван хүрэл медаль энгэртээ зүүсэн бол бүсгүйчүүд маань энэ долоо хоногт Беларусьт хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Ирэх долоо хоногт залуучууд маань Словакт баяртай сайхан мэдээ дуулгах биз ээ.
А.Батцэцэг Минскт нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Бека Литерсийг, шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Поожа Жандаг тус бүр оноогоор цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд одоогоос зургаан жилийн өмнө “Монголиа Опен”-д түрүүлж байсан АНУ-ын хашир туршлагатай бөх Келси Кэмпбеллийг 9:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Оросын аюарга Ольга Хорошавцева 4:1-ээр ялж, аварга боллоо.