Ш.Түвдэндорж: Зарим дарга нарын сэтгэц хэвийн гэдэгт эргэлзэхэд хүрч байна

O.Admin
2024-02-29

Ардчилсан намаас өнөөдрийн ээлжит 4/11 мэдээллийн цагаараа Хөгжлийн банкны шүүх хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Ш.Түвдэндорж:

-УИХ-ын гишүүд зудын онцгой нөхцөл байдалтай байгаа Сүхбаатар, Дорнод аймгаар явахгүй өөр аймгуудаар явж байна. Ямар ч тэнэг хүн хараад сонгуулийн далд сурталчилгаа гэж ойлгоно. Ямар нэг юмыг далимдуулж, хууль зөрчдөг явдал эрх баригчдын гэм биш зан боллоо. Энэ бурангуй байдал нийгэмд муу нөлөө үзүүлж байна. Төрийн хүний хэлж байгаа үг, үйлдэл олон нийтэд үлгэр дууриалал болох ёстой ч зарим сайд дарга нарын сэтгэц нь эрүүл саруул байна уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Улстөрч гэхээр авлигачид гэж боддог боллоо. Энэ бүх болох, болохгүй зүйлийг хийж байгаа гол буруутан нь эрх баригч намын бодлого.

Төр засагт алба хашиж байгаа хүмүүс сүүлийн үед мафи, гэмт хэргийн бүлэглэл гэж ярьдаг болсон. Үүгээрээ нийгмийг айдаст автуулдаг. Монголд албан тушаалаа ашиглан хулгай хийж байгаа нь үнэн ч мафийн хэмжээнд хүрээгүй шүү дээ.

Ард түмний итгэлийг хөсөрдүүлж, ёс суртахууны ялзрал доройтолд хүргэж байна. Ардчилсан нийгэмд ажил хийсэн хүн хохирч, үг хэлэх эрхгүй боллоо. Бүх боломжийг төр авч, хааж боодог боллоо. МАН-ын Удирдах зөвлөл өнөөгийн нийгмийг удирдаж, дарангуйлж байна. Жишээлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг байхгүй болгож, аймаг болон нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болсон. Үүний эсрэг Ардчилсан нам дуугарна.

УИХ-ын сонгуульд дахин ямар амлалт өгөх вэ. Хууль дүрмээс дээгүүр эрхтэй дарга нар гарч ирлээ. Долоон буудал, Дамбадаржаа орчимд амьдарч байгаа иргэдийн 65 хувь нь дэмжвэл нүүлгэж, газарт оруулна гэж тулгаж байна. Магадгүй орон сууцнаас илүү өөрийн өмчилсөн газар дээрээ байшинд амьдрах хүсэлтэй иргэд байвал яах уу. 

Олонхийн шийдвэр гээд нэг хэсэг хүмүүсийг хохироодог үзэгдэл комунизмын үед байсан. Одоо ардчилсан нийгэм шүү дээ. Үлдсэн 35 хувь нь хүн биш юм уу. НИТХ дээр наймаачин, атаман шиг аж ахуйн нэгжийн нэр дурдаж, “Бага дарвалзаарай” гэж гудамжны үг хэллэгээр хэлж байх жишээтэй.

НИТХ өчигдөр хуралдсан. 2020 онд УИХ-ын сонгуулийн өмнө нийслэлийн Засаг дарга байсан хүн ус зөөдөг усан оргилуур барина гэж бариулсан. Тэгвэл одоо ямар ч хэрэгцээгүй. Гэтэл одоо 45.6 тэрбум төгрөгөөр Сүхбаатар талбай орчмын явган хүний чулуун зам тавина гэнэ. Өөр хэрэгцээтэй зүйл төсвөө зарцуулмаар байх юм. Энэ бас л сонгуулийн ажил. Бас метро, дүүжин тээвэр гэх мэт бүтээн байгуулалт байна. Ардчилсан нам хувийн аж ахуйн нэгжээ дэмжинэ гэв.

Ардчилсан намын ҮБХ-ний гишүүн Д.Ганбаяр:

-Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо өнгөрсөн хугацаанд 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа намынхаа гишүүд болон хүмүүстэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр Монгол Улс хүний эрхийн индексээр ухарсан. Энэ бүхний цаана шударга шүүх. Үндсэн хуулийн 14.2 зүйлд заасны дагуу үзэл бодол, эвлэлдэн нэгдсэн намаар нь ялгаварлан гадуурхаад байна. Өнгөрсөн жил Хөгжлийн банкны шүүх хурал болсон.

Гэтэл яг одоо нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны хурал болж байна. Энэ асуудлыг нээлттэй явуулж өгөөч гэхээр өчигдөр 17.00 цагт хүсэлт өгсөн. Тийм учраас шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэдэг хариуг өгсөн. Уг нь журамд хүсэлтийг нэг хоногийн өмнө өгнө гэж заасан байдаг. Яагаад шүүх хурлыг процессыг ил тод явуулж болдоггүй юм бэ. Шүүгчид нь улс төрийн захиалгаар ажиллаж байна. Үүний цаана шүүгдэж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ бүхний зохион байгуулагч нь МАН. Одоо газрын сонсгол хийх юм гэнэ. Газартай холбоотой асуудлыг гаргаж тавих гэнэ. Өнгөрсөн хугацаанд нүүрсний сонсгол хийсэн ч нэг нөхөрт бага хэмжээний ял өгч, торгууль авдаг. Шүүх байгууллагын бодлого ялгавартай байгаад байна. Бид энэ асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсан. Тусгай шинжээчид асуудлыг шинжилж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эрх баригч намыхан үлдсэн гурван сарын хугацаанд шударгаар өрсөлдье гэдгийг онцлов.