Боксын шигшээ олимпын эрх олгох тэмцээнийг өнжихөөр боллоо

Т.САНДАГ-ОЧИР
2024-03-04

Монголын боксын үндэсний шигшээ баг хариуцлагагүй холбооны уршгаар бүтэн багаараа Италийн Буста Ацизод өнөөдөр эхэлж буй олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадалгүй, үзэгчдийн суудлаас үзэхээр болжээ. 

Тодруулбал, энэ сарын 3-11-ний хооронд Италийн хойд хэсэгт орших Буста Ацизод 670 тамирчин Олимпын наадамд оролцох эрхийн төлөө авхаалж, самбаагаа сорьж эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчинд эрх олгоно. Өөрөөр хэлбэл, жин тус бүрийн медаль авсан тамирчид Францыг зорих юм.

Харамсалтай нь, уг тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ баг бүтэн багаараа оролцох ёстой байсан ч Монголын боксын холбооны ажлын алба хариуцлага алдаж мэдүүлгээ хоцроосноос оролцож чадахгүйд хүрчээ. Манай тамирчид уг тэмцээнийг хүлээж Европт хоёр сар гаруй хугацаанд бэлтгэлд хамрагдсан аж.