А.Эрмүүн: Таван жил тасралтгүй бэлтгэл хийсний эцэст дэлхийн аварга боллоо

O.Admin
2024-03-12

СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсийн оюутан Алтантуяагийн Эрмүүн Эстони улсын Таллин хотод болсон “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрбээр өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүлийнхэн, найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэн угтан авлаа.

А.Эрмүүн “Яг энэ мөчийн төлөө асар удаан, тасралтгүй бэлтгэл хийж байсан. Таван жил хичээллэж байна. Эцсийн мөчид аварга болж чадлаа. Анх сэлж эхэлсэн цагаасаа эхлээд аварга болохыг зорьж байсан. Хамгийн эцсийнхээ зорилгод хүрч чадлаа гэж бодож байна. Польшууд хүчтэй өрсөлдөгчид байсан. Мөнгөн медаль авсан ангилалд өрсөлдөгч тамирчинтайгаа цаг тэнцэж хоёр мөнгөн медальтан төрсөн. Сэлж чаддаггүй байх үедээ хүртэл Дэлхийн аварга болох итгэл байсан. Өөрийнхөө бэлтгэлд хангалттай итгэлтэй байсан. Би чадна л гэж бодсон. Ерөөсөө айгаагүй. Мэдээж сандрал байсан. Өөртөө итгэж байлаа. Тийм учраас аварга болсон байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.