Монголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин төрсөн ах, дүү сагсчид болох ОУХМ О.Энхбаатар, ОУХМ О.Хулан нар Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд шагналынхаа 8.4 сая төгрөгийг хандивлажээ.
Тэд Ариг банкны ажилтан бөгөөд тус банкны зүгээс тэдний амжилттай довтолгоо бүрийг 300 мянган төгрөг, самбараас авсан бөмбөг бүрийг 300 мянган төгрөгөөр тус тус үнэлж, тоглолтын турш цуглуулсан мөнгийг нийгмийн сайн сайхны төлөөх аянд зориулахаар болсон байна.
Улаанбаатар Амазонс багийн тамирчин О.Хулан “Ах бид хоёр 3х3 төрлөөр Сингапур улс руу Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа. Энэ үед сайн үйлс хийсэндээ маш их баяртай байна. Бид тэмцээндээ амжилттай оролцох байх. Биднийг үргэлж дэмжиж байдаг Ариг банкдаа баярлалаа” гэв.