Хятадад авлигын хэрэг сэжиглэгдэн хоригдож байсан БНСУ-ын хөлбөмбөгийн тамирчин Сон Жун Хо суллагдаж, эх орон руугаа буцжээ.
Эдүгээ 31 настай Соныг өнгөрсөн жилийн тавдугаар сард Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон удирдах албан тушаалтнуудыг хамарсан томоохон мөрдөн шалгалтын хүрээнд “авлига авсан байж болзошгүй” гэх хэрэгт сэжиглэн баривчилсан юм.
Тэгвэл БНСУ-ын Гадаад харилцааны яам болон Хөлбөмбөгийн холбооноос түүнийг суллагдан эх орондоо ирсэнийг мэдээлжээ. Сон Жун Хо нь Хятадын супер лигийн Шаньдун Тайшан багт 2021 оноос хойш харьяалагдаж буй бөгөөд өнгөрсөн жил Катарт болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд БНСУ-ын дөрвөн тоглолтын гуравт нь оролцсон билээ.
БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч И Жэ Сон түүнийг суллагдсанд баярлаж буйгаа илэрхийлж, удахгүй хөлбөмбөгийн талбайд харна гэдэгтээ итгэлтэй байна хэмээн ярьжээ.