О.Хулан: Зорилгынхоо төлөө өдөр бүр хичээж, зүтгэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-04-19

3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулантай цөөн хором ярилцлаа.

-Сагсан бөмбөгийн спорттой хэдийнээс холбогдсон бэ?

-Миний хувьд 2017 оноос эхлээд оюутан болоод сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Ах маань бас тоглодог. Ахынхаа тоглолтуудыг үзсээр байгаад сагсан бөмбөгийн спортод дурласан даа. Ямар ч эргэлзээ байхгүй энэ спорт руу орсон гэхэд болно. Өмнө нь хэзээ ч тоглож болох юм байна. Мөн амжилт гаргана гэж бодож байгаагүй. Харин ахынхаа тоглолтуудыг үзсээр байгаад маш их урам зориг, эрч хүчийг авсан.

-Тоглолтоос бүрээс авдаг мэдрэмж, кайф өөр байх?

-Тоглолт бүрийн мэдрэмжүүд өөр шүү дээ. Дээд лигт тоглох, олон улсын тэмцээнд оролцох нь мэдээж өөр, өөр мэдрэмжийг  тамирчдад өгдөг. Хамгийн гоё нь “Монголиа” гэдэг өмсгөлийг өмсөөд, Монгол Улсаа, аавынхаа нэрийг дуудуулаад  талбайд гарах нь юугаар ч харьцуулалшгүй мэдрэмж. Энэ бол бүх тамирчны мөрөөдөл байх. Харин миний хувьд мөрөөдлөө биелүүлээд, тоглоод явж байна гэдэг нь бахархал. Хожсон ч, хожигдсон ч хамаагүй. Өнөөдөр шигшээ багт тоглож яваадаа маш их талархдаг.

Дэлхийн сагсан бөмбөгийн домогт тоглогч, Оскарын шагналт Коби Брайант  зодог тайлж байхдаа хэлсэн санагдаж байна. Орчуулаад хэлбэл, “Тоглолт бүр үр дүнгийн зорилгын талаар биш байдаг. Хамгийн сайхан нь үйл явц бөгөөд өдөр бүр сайжирч байгаа нь чухал” гэж хэлдэг. Тиймээс миний хувьд ч гэсэн өдөр бэлтгэлээ хийж, илүү сайжрахыг хүсдэг.

-Тамирчдын сэтгэл зүй бүх зүйлд бэлэн байхаас гадна нэгнээ ойлгох дэмжих нь маш чухал. Тэр дундаа багийн тоглолттой спорт бол яах аргагүй цул байхыг шаарддаг. Энэ бүхэнд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Ер нь туршлага юм билээ. Өмнө нь манай багийн эгч нар надад хэлдэг байсан. “Чи жаахан байна. Маш хурдан сайжирч, мундаг болохыг хичээгээд байна” гэж хэлнэ, зөвлөнө. Энэ бүхэнд суралцахын тулд цаг хугацаа, тэвчээр, тууштай байдал чухал юм гэдгийг ойлгосон. Мэдээж тодорхой хэмжээний туршлага хуримтлуулаад ирэхээр ямар багтай тоглож байгаа билээ. Өөрийгөө яаж бэлдэх үү гээд цаанаасаа л мэдээд, мэдрээд явчихдаг юм байна. Тиймээс тодорхой хэмжээнд туршлага чухал. Туршлагатай болохын хэрээр сэтгэл зүйгээ бэлдээд, ойлголцоод явчихдаг.

-Мэргэжлийн тамирчин хүний хувьд амжилт карьераа хэрхэн төсөөлж байна вэ?

-Хэлэхгүй ээ, нууц шүү. Хувь хүний хувьд тодорхой зорилго төсөөлөл бий. Харин түүнийхээ төлөө өдөр бүр хичээнэ, тэмүүлнэ.

-Багийн спортын хөгжил манайд жаахнаар барахгүй учир дутагдалтай гэж шүүмжилдэг. Харин багийн спортыг дэмжээд хөгжүүлээд явах юм бол бидэнд боломж байна гэдгийг та бүхэн харууллаа. Өөрсдийн биеэр үлгэрлэлээ?

-Анх сагсан бөмбөгөөр хичээллэж байхад “Монголчууд тоглож чадахгүй. Багийн спортоор амжилт гаргахгүй” гэдэг ойлголт нийгэмд их байсан. Гэтэл манайхан олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцоод эхэлсэн. Тэр үед надад их итгэл төрсөн шүү. Дөнгөж сагс тоглоод эхэлснийг ч хэлэх үү, бидэнд боломж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн.

Магадгүй энэ итгэл, эрч хүчээр  Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн. Хамгийн ойлгомжтой байдлаар хэлбэл, бид мөс хагалж чадлаа. Бид шинэ үеийн залуус, дүү нартаа илүү боломж үлдээж чадах юм байна гэж ойлгодог. Магадгүй би энэ спортоос гарахад “Миний анх орсон орчин, нөхцөл байдлаас хувь илүү” боломжийг дүү нартаа үлдээе гэж хичээдэг. Илүү өндөр хөгжил, илүү их боломж, давуу талыг бий болгохын төлөө багаараа хичээх болно.

-Шинэ үеийн залуусын хувьд та бүхэн үнэхээр од нь байна шүү дээ. Зөв яваасай гэж олон хүн ерөөж суугаа?

-Мэдээж нийгэмдээ зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой. Харин үүнийг дагаад маш их хариуцлага яригдаж байгааг бид ойлгодог. Биднээс  хүмүүс суралцаж байгаа гэж бодохоор илүү хичээмээр санагддаг. Хойч үедээ илүү боломж олгохын тулд амжилтын үүдийг нь илүү их нээж өгөхийг зорино.