“Арсенал”, “Челси” эхний хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-21

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 2017-2018 оны улирал эхэллээ. Энэ жилийн Европа лигт Английн “Челси”, “Арсенал” клубүүд эхний тойргоос оролцож байгаа нь ямархуу чансаатай тэмцээн болохыг харуулж байгаа юм. 

Тэгвэл Английн лигтээ топ-4-т багтаж чадаагүй “Челси” клуб Европа лигийн эхний шатанд Грекийн “ПАОК” багийн талбайд зочилж,  0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 7 дахь минутад Виллиан тоглолтын хувь заяаг шийдсэн ганц гоолыг оруулжээ.

“Челси”-гийн багтсан L хэсэгт Беларусийн “БАТЭ” болон  Унгарын “МОЛ-Види” гэсэн сулхан багууд байгаа. Унгарт энэ хоёр баг тулахад зочид өрсөлдөгчөө 0:2-оор хожсон. Тоглолтын 27 дахт минутад Туоминен тооны харьцааг нээж, Филипенко 85 дахь минутад гүйцээжээ.

Харин Английн нөгөө нэг төлөөлөл болох “Арсенал” клуб Е хэсгийн эхний тоглолтоо Украины “Ворскла” багтай хийж, 4:2-оор буулгаж авлаа. Ингэснээр хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 32, 56 дахь минутад Обамеянг хоёрыг оруулж, дубль хийсэн. Харин Уэлбек 48, Өзил 74 дэх минутад нэг нэгийг оруулжээ. Зочин багаас Чеснаков 76, Шарпар 90 дэх минутад нэг нэг гоол оруулсан юм. 

Энэ хэсгийн нөгөө тоглолт Португалын “Спортинг” болон Азербайжаны “Карабах” багийн хооронд болж, талбайн эзэд 2:0-ээр буулгаж авчээ.