Олон улсын Жүдо бөхийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Николас Месснер дэлхийн аварга Б.Баасанхүүгийн талаар өөрийн хуудастаа бичжээ. Тэрбээр:
Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны (ОУЖБХ) сэтгүүлчид бид өгүүлж буй түүхийнхээ ард нуугдах үүрэгтэй байдаг билээ. Үүнд хэцүү зүйл үгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.
Учир нь бидний уулзаж ярилцдаг агуу аваргууд, алдартай жүдочдын үзэж туулсан амьдралын түүх үргэлж гайхалтай байдаг болоод тэр. Харин энэ удаа би байнга мөрддөг зарчмаасаа үл ялиг хазайж өөрийгөө өрнөж буй үйл явдлын гол тайз руу хэсэгхэн зуур аваачья. Үүгээрээ би үзэгч олны анхаарлыг хэн нэгнээс холдуулах гэсэнгүй. Тэр тусмаа дөнгөж саяхан Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээд байгаа Монгол улсын тамирчин Бавуудоржийн Баасанхүүгээс. Харин ч эсрэгээрээ энэ гайхамшигтай тамирчны үзэж туулсан амьдрал, өдий хүртэлх аяллыг илүү тод томруунаар харуулах гэсэн юм.
Би Баасанхүүтэй анх арваад жилийн өмнө Монгол орны хойд хязгаар Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод уулзаж танилцаж байсан. Энэ бол нийслэл Улаанбаатараас баруун хойд зүгт 600 гаруй км-ийн зайд оршдог 40 мянга ч хүрэхгүй хүн амтай жижигхэн хот. Баасанхүү тэр үед жүдогийн татами дээр хөл тавиад удаагүй, дөнгөж 10-хан настай бяцхан охин байлаа. Энэ спортод дурласан гэдэг нь түүний оч гэрэлтсэн нүднээс нь харахад илт байв. Гэвч түүнд тогтмол бэлтгэл хийх боломж нөхцөл байгаагүй. Гэр бүл нь тийм ч хангалуун биш амьдралтай байсан учир Баасанхүү аав ээждээ туслах зэрэг өдөр тутмын асуудлаас болж хэчнээн их хүссэн ч гэсэн жүдогийн зааланд их цагийг өнгөрүүлж чадахгүй байв. Тэр үед түүний толгойд жүдо бөхийн дэлхийн шилдэг тамирчдын нэг болж 2024 оны 05 сарын нэгэн өдөр Дэлхийн аварга хэмээн дуудуулна гэсэн бодол төсөөлөл огт байгаагүй биз.
Ийм л бяцхан охинтой би тэр үед танилцаж байсан юм. Хөвсгөл аймаг руу хийсэн бидний аяллыг ОУЖБХ-ноос дэлхий даяар зохион байгуулдаг “Жүдог Хүүхдүүдэд” хөтөлбөрийн хүрээнд Монголын Жүдо Бөхийн Холбооноос (МЖБХ) зохион байгуулсан юм. Монголд анх явагдсан Улаанбаатар Гран При тэмцээн өндөрлөсний дараа тэр үед МЖБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга байсан М.Бөхбатын хамт би Мөрөн хотыг зорьсон. МЖБХ-ны Ерөнхийлөгч ноён Х.Баттулгын тусламж дэмжлэгтэйгээр энэ бүхэн биеллээ олсон юм.
Мөрөн хотод ирээд бид нутгийн нэгэн сургуульд зочилж өсвөрийн залуу жүдочидтой танилцлаа.
Хүүхдүүдийн бэлтгэл хийж буй нөхцөл байдлыг харахад надад хэцүү байв. Зааланд татами байсангүй. Ердийн брезентийг овгор товгортой хатуу шалан дээр дэвсээд дээр нь тэд нар барилдаж байлаа. Бас жүдогийн өмсгөлтэй хүүхдүүд ч цөөхөн харагдаж байв. Байгаа хэдийгээ тэд хоорондоо сольж өмсөнө. ОУЖБХ-ноос бэлэглэж буй өмсгөлүүдээ бид хүүхдүүдэд гардуулж өгөөд, удахгүй заал танхимыг нь бас татамитай болгох баяртай мэдээг ч дуулгалаа.
Анх удаа өөрийн гэсэн жүдогийн өмсгөлтэй болоод хөөрөн баярлаж буй хүүхдүүдийн дунд улаан хацартай нэгэн сэргэлэн охин бусдаасаа онцгойрч нүдэнд минь туссан юм. Тэр бол ирээдүйн Дэлхийн аварга Б.Баасанхүү байв. Анхны жүдогийн өмсгөлөө надаас хоёр гардан авсан тэр мөчөөс л Баасанхүү жүдо бөхөд бүхнээ зориулж, илүү шургуу бэлтгэлээ хийх урам зориг, эрч хүчийг авснаа бидэнд хожмоо ярьсан юм.
“Би найзуудтайгаа тоглож яваад жүдо бөхийн бэлтгэлийн заал руу анх удаа орж үзэж байсан. Тэгээд сонирхолтой санагдахаар нь туршиж үзэхээр шийдсэн юм. Их л хөгжилтэй, сайхан санагдаж байлаа. Харин үүгээрээ цаашдаа ийм хол явна гэж огт төсөөлөөгүй. Тэр үед би татами, жүдоги гэж юу байдгийг ч огт мэддэггүй байв. Гэтэл нэг өдөр багш маань гадаадын зочид удахгүй ирж та нарт гоё бэлэг өгнө гэж бидэнд хэлсэн.
Тэр өдрийг би хэзээ ч мартахгүй. Сэтгэлд минь үүрд хадагдаж үлдсэн маш сайхан дурсамж. Цасан цагаан өнгөтэй шив шинэхэн жүдогийн өмсгөлөө гардаж авахад надад үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Түүнээс хойш би жүдо бөхөд илүү их дурлах болж, бэлтгэл сургуулилтаа таслалгүй, үргэлж хичээнгүйлэн хийдэг болсон. Тэгээд дараа нь Өсвөр үеийн улсын аваргын тэмцээнд оролцсон. Мэдээж хэрэг цасан цагаан шинэ өмсгөлтэйгөө. Тэр тэмцээнээс би жүдо бөхийн анхны хүрэл медалиа хүртсэн. Ингэж л жүдо бөх миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон юм.”
Абу Дабугийн дэвжээн дээр ДАШТ-ий Алтан медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулчихаад нүдэндээ нулимстай гараа дээш өргөн баярлаж байгаа, бас шагналын тавцан дээр зогсоод төрийнхөө дууллыг зүрхэндээ гараа тавин инээмсэглэн сонсож буй Б.Баасанхүүг үзэгчдийн суудлаас хараад би гэнэт цаг хугацаагаар аялан 10 гаруй жилийн өмнөх рүү эргэн очсон. Хөвсгөл аймаг. Мөрөн хот. Үл итгэсэн янзтай өөдөөс минь ширтэн цагаан өнгөтэй жүдогийн өмсгөлийг надаас хоёр гардан авч буй улаан хацартай хэрсүү бяцхан хөдөөний охин.
Хэрвээ ОУЖБХ-ноос “Жүдог Хүүхдүүдэд”, “Жүдог Сургуулиудад” болон “Жүдо Энх тайвны төлөө” хөтөлбөрүүдийг илүү өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт хүргэж чадвал хэчнээн олон хүүхдүүдэд итгэл найдвар, урам зориг өгч хүсэл тэмүүллийн галыг нь бадраан асаахыг таашгүй.
Мэдээж хэрэг Б.Баасанхүүгийн Абу Дабугийн дэвжээн дээр байгуулсан ялалтууд, гаргасан амжилтанд миний оролцоо байхгүй. Татами дээр тэр ганцаараа гарч, олон жилийн уйгагүй хүч хөдөлмөр, гаргасан золиос, туулсан зам, дуслуулсан хөлс бүрийнхээ үр шимээр энэ амжилтанд хүрсэн. Гэхдээ л нэгэн бодол миний толгойноос салахгүй байна. 10 гаруй жилийн өмнө хувь тохиолын зурсан зургаар бид Мөрөн хотын тэр нэгэн жижигхэн сургуульд зочилж, улаан хацартай тэр бяцхан охинд жүдогийн өмсгөл гардуулаагүй байсан бол Монголчуудыг баяр хөөрт умбуулсан өнөөдрийн энэ үйл явдал болохгүй ч байсан байж магадгүй.
ОУЖБХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат надад ингэж хэлсэн юм. “Жүдог Хүүхдүүдэд хөтөлбөр бол олон хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтүүлсэн маш чухал төсөл. Ялангуяа амьдралын боломж тааруу хүүхдүүдэд. Ийм чухал ажлыг удаан хугацааны турш хийж хэрэгжүүлж байгаа ОУЖБХ болон жүдогийн гэр бүлд би чин сэтгэлээсээ талархаж байна. Хэчнээн хэцүү, хүнд нөхцөл байдалд байсан ч гэсэн урам зоригийг нь бадрааж, дэмжиж туслах юм бол бүх зүйл боломжтой гэдгийн баталгаа нь Баасанхүүгийн амжилт. Бид бүгдээрээ түүний амжилтаар бахархаж байна”
Өнөөдөр Бавуудоржийн Баасанхүүгийн өдөр байлаа. Түүний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл энд хүрээд зогсохгүй. Абу Дабигийн дэвжээн дээр тэр хүүхэд байхдаа хэзээ ч хүрнэ гэж төсөөлж байгаагүй амжилтандаа хүрсэн ч гэсэн энд хүрээд түүний аялал зогсохгүй. Харин ч эсрэгээрээ илүү өндөр оргил өөд тэмүүлэх галыг нь бадраана. Тэр бол мэдээж хэрэг Парис 2024 Зуны Олимпын наадам.
Энэ нийтлэлээрээ би нэгэн зүйлийг та бүхэнд сануулах гэсэн юм. Бид бүгдээрээ ирээдүй хойч үедээ урам зориг өгч, итгэл найдварын гал дөлийг нь бадраан асаах үүрэгтэй. Арав гаруй жилийн өмнө бидний Мөрөн хот руу хийсэн аяллын үр дүнд ийм гайхалтай тамирчин төрөн гарсанд би үгээр хэлж барахгүйгээр баярлаж байна.
Энгийн мэт харагддаг ч гэсэн эгэл жирийн биш гайхамшиг өдөр болгон болж байдаг. Багш дасгалжуулагч нар шавь нартаа эрдэм мэдлэгээсээ хуваалцаж, зааж чиглүүлж, сурган хүмүүжүүлж, урагш ахих урам зориг өгч байдаг нь тийм гайхамшгуудын нэг. Бавуудоржийн Баасанхүүдээ баяр хүргэе! Бас ирээдүйд, хэзээ нэгэн өдөр, хэн нэгний амьдралд урам өгч, оч бадрааж, ирээдүйн замыг нь гэрэлтүүлэх хүмүүст ч бас баяр хүргэе!
НИКОЛАС МЕССНЕР
2024 оны 05 сарын 19