Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо давж “Улсын заан” цол хүртсэн.
Цол нэмж долоо давсан тэрбээр сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцлаа. Шинэхэн Улсын заан Д.Хүдэрбулга "Өнөөдөр сайхан барилдаж Монгол Улсын заан цол хүртсэндээ маш их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Тусалж дэмждэг хүмүүстээ, нутгийнхаа зон олонд маш их баярлалаа. Манай Дүнжингарав дэвжээ энэ жил бэлтгэл сургуулилт сайн хийсэн. Залуус маань сайн байлаа. Хоёр бөх нь Монгол Улсын Харцага, Монгол Улсын заан цол хүртлээ. Энэ жил манай Өндөрширээт сумын 100 жилийн ой тохиож байгаа. 100 жилийнхээ ойд Улсын заан цол хүртэж бэлэг барьж байгаадаа маш их баяртай байна.
Зааны даваанд О.Хангай аваргатай барилдлаа. Оны өмнө яг энэ тахимдах мэхээр хаяж байсан. Наадам дээр энэ мэхээ хийе гэж бодож байгаад хийсэн. Багш нар маань бол өөрийнхөөрөө л барилдаарай гэж хэлж байсан. Наймын даваанд чангараад халтираад уначих шиг боллоо. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Сайхан наадаарай." хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.