Хуучин ЗХУ, өдгөө Гүржийн тамирчин, буудлага спортын домог, энэ жил 55 настай Нино Салуквазе "Парис-2024" олимпийн наадамд спорт гар бууны 25 метрийн зайд өрсөлдөнө. Энэ нь түүний хувьд 10 дахь бөгөөд олимпийн наадамд хамгийн олон удаа оролцсон тамирчин болох юм.
Н.Салуквазе 1988 оны Сөүлийн олимпийн наадамд ЗХУ-ын багийн бүрэлдэхүүнд оролцож, 10 м хийн гар бууны төрөлд мөнгө, 25 м спорт гар бууны төрөлд алтан медаль хүртэж байсан бөгөөд 1993 оноос Гүржийн нэрийн өмнөөс буудах болсон юм. Сөүлийн олимпоос хойшхи бүх олимпод Салуквазе галын шугаман дээр зогссон бөгөөд 2008 оны Бээжингийн олимпод хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртэн, 20 жилийн дараа дахин олимпийн медаль зүүж, ховор амжилт мөн тогтоож байв.
Нино олимпийн алт, мөнгө, хүрэл медалиас гадна дэлхийн АШТ-ээс 6 алт,2 мөнгө,1 хүрэл, Европын АШТ-ий 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан агуу "мэргэн бууч". Манай Монголын олимпийн анхны медальт эмэгтэй тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяртай Нино Салуквазе олон жилийн турш "галын шугаманд" өрсөлдөж, нөхөрлөж явсан бөгөөд 2017 онд Монголд ирж байсныг манай спорт сонирхогчид санаж буй биз ээ.
Мөн "Рио-2016" Олимпийн наадамд Нино 18 настай хүү Цотна Мачаварианигийн хамт оролцсон нь ээж, хүү хоёр Олимпод хамтдаа оролцсон анхны тохиолдол болж байсан билээ.
Ц.Энхтүвшин