Финланд улсад зохион байгуулагдсан Практик буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хос алт болон мөнгөн медаль хүртсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид өнөөдөр (2024.08.13) эх орондоо ирлээ.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг тус тэмцээнд 35 улсын 827 тамирчин өрсөлдсөнөөс гар цэнэглэлттэй опен төрөлд Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч С.Дашдэмбэрэл хувийн болон багийн дүнгээр тус тус нэгдүгээр байр эзэлж, алтан медаль, халз буудлагын төрөлд бүлгийн дайрагч О.Энхболд хоёрдугаар байрт шалгарсан юм.
Алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Б.Цогжаргал, Тусгай ажиллагааны газрын дарга, хурандаа П.Отгонмөнх нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.