Жүдогийн холбооны ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ажлаа хүлээлгэн өгчээ

O.Admin
2024-09-02

Монголын жүдо бөхийн холбоо 2022-2024 он буюу Токиогоос-Парис хүртэлх зуны олимпын наадмын тайлангийн хурлаа зохион байгуулж холбооны үйл ажиллагаа, шигшээ баг хамт олон дасгалжуулагчид, тамирчдын амжилт ялалт, алдаа оноон дээр дүгнэлт хийжээ.

Уг хуралд Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, МУХБаатар, МУГД зөвлөх дасгалжуулагч Ч.Насантогтох, Дэд Ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Жүдо бөхийн холбооны ажилчид, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийн тамирчид оролцсон аж.

2022-2024 онуудад ДАШТ-д оролцсон дасгалжуулагч, тамирчид тус бүрийн дүгнэлт тайлан, 2024 оны зуны олимпын наадамд оролцсон багийн дасгалжуулагчид, тамирчдын дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Уг хурлын үеээр “Токио-2020” олимпын наадмаас “Парис-2024” зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан МУГД, МУГТ Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол Улсад авч ирэх зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүллээ.

Мөн 2024-2028 онуудад өсвөр, залуучуудын ангилалд олон улсын тэмцээнийг зохион байгуулах, залгамж тамирчид олноор гаргахаа цохон тэмдэглэв. Монголын жүдо бөхийн холбооны Лос Анжелес-2028 олимпын цикль өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.