Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг бэлтгэлийн талбайтай боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-03

Монголын хөлбөмбөгийн нас насны шигшээ багт зориулсан шигшээ багийн бэлтгэлийн баазын, ногоон талбайн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр  Төв аймгийн нутагт боллоо. Бэлтгэлийн баазын ногоон талбайн нээлтэд Монголын нас насны шигшээ багийнхан оролцжээ.

Дөрөв дүгээр сард барилгын ажил нь эхлэж, есдүгээр сард бүрэн дууссан ногоон талбайн нээлтийн тууз хайчлах ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал тэргүүтэй албаны хүмүүс мөн оролцсон юм.

Бэлтгэлийн талбайн нээлтэд оролцсон нас насны шигшээ багийнхан өөрсдийн бэлтгэлийн талбайдаа анхны мөрөө гаргаж, бэлтгэл, хөгжөөнт тэмцээн, нөхөрсөг тоглолтуудыг мөн хийжээ. Тодруулбал 40+, 50+ насны ахмадын шигшээ багууд, охидын 19 нас, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг “Шигшээ багийн өнөө үе ба ирээдүй” уриан дор 6-8 насны 30 хүүхэдтэй тоглолт хийсэн юм.

Үе үеийн шигшээ багийнхан бэлтгэл сургуулилалтаа базааж, үеийн үед шигшээ багийнхандаа өвлүүлэн үлдээх ногоон талбай дээр Монголын шигшээ багуудын олон олон ялгуусан амжилтын эхлэл суурь тавигдах нь гарцаагүй.