Мөсөн шагайн харваан тэмцээн маргааш болно

O.Admin
6 цагийн өмнө

Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын очих, оролцох сургалт-тэмцээн маргааш буюу энэ сарын 9-23-ны хооронд болох гэж байна.

Энэхүү арга хэмжээ Туул гол, Дунд гол, Сэлбэ гол, Улиастайн гол дээр Нийслэлийн зургаан дүүргийн 189 хорооны иргэдийн дунд зохион байгуулагдана. Баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх ба 189 багийн 378 сонирхогч оролцоно. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг 10 хүнийг шагнаж урамшуулах бөгөөд энэ сарын 23-нд болох Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцуулна.

Сургалт тэмцээн хэрэгжсэнээр олон зууны турш уламжлагдан өвлөгдсөн үндэсний мөсөн шагайн харвааг Монгол Улс даяараа түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвлийн спортыг сурталчлан таниулах, үндэсний баяр, үндэсний наадгайгаар дамжуулан залуу хойч үедээ түүх соёлоо өвлүүлэх, эрүүл-итэвхтэй амьдралын хэв маягт хэвшүүлэх, цаашид тив дэлхийд гаргах үндэс, нөхцөлийг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэх юм.

Одоогийн байдлаар Үндэсний мөсний шагайн холбоо нийслэлийн зургаан дүүрэгт, Архангай, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорнод, Булган, Өвөрхангай аймагт албан ёсоор байгуулагдаж, үндэсний мөсний шагайн харвааг зохион байгуулж байна. Цаашид Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд зэрэг аймгийн БТСГ, ЕБС-ийн биеийн тамирын багш, мөсний шагай сонирхогчдын дунд энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.