“Ливерпүүл” талбайдаа “Сити”-тэй тэнцэж, Лондоны багууд хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-08

Английн премьер лигийн 8 дугаар тойргийн хамгийн шилдэг тоглолтууд өчигдөр орой боллоо. Хүснэгтийн адилхан 19 оноотой тэргүүлж байсан “Ливерпүүл” болон “Манчестер Сити” клубүүд энэ тойрогт учраа таарч, “Энфилд”-д туллаа.  Олон зүйлийг шийдэж болохоор байсан энэ тоглолтод хоёр баг хуурай тэнцэж, оноо хуваалаа. Ингэснээр адил 20 оноотой боллоо.

“Сити”-гийн хувьд гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Ливерпүүл” гурав руу ухарлаа. Гэхдээ “Ливерпүүл” премьер лигт топ 6 багийн гуравтай нь ойрхон тоглож, нэг хожиж, хоёр тэнцсэн амжилттайгаар хожигдолгүй давж гарлаа.

“Челси” клубын хувьд 8 дугаар тойрогт “Саутгэмптон”-ы талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 20 оноотой болж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 30 дахь минутад Азар гоолдож, энэ улирлын 7 дахь гоолоо оруулсан. Түүний араас Баркли 57, Морато 90 дэх минутад нэг нэгийг нэмжээ. 

Тэгвэл эхний тойргуудад хоёр хожигдоод байсан “Арсенал” энэ тойрогт “Фулхэм” клубын талбайд зочилж, 1:5-аар бутниргэлээ.  Ингэснээр сүүлийн 6 тойрог дараалан хожиж, 18 оноотойгоор 4 дүгээр байр руу орж ирлээ. “Арсенал”-аас Ляказетт 29, 49, Рамси 67, Обамеянг 79, 90 дэх минутад гоолджээ.  Эзэн багийн нэр төрийн ганц гоолыг 44 дэх минутад Шюрлле оруулсан юм.