Английн премьер лигийн есдүгээр тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ өдөр хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа багууд бүгд тоглолтоо хийлээ. Тэргүүлэгч “Манчестер Сити” энэ тойрогт талбайдаа “Бөрнли”-г хүлээж авч, 5:0-ээр бутниргэсэн юм. Ингэснээр 23 оноотой болж, тэргүүллээ хадгаллаа.
Тоглолтын 17 дахь минутад Агуэро улирлын 6 дахь гоолоо оруулж, тооны харьцааг нээсэн. Түүний араас Бернардо Силва 54, Фернандиньо 56, Марез 83, Сане 90 дэх минутад нэг нэгийг нэмж, багтаа ялалт авчирлаа.
Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Челси” клуб энэ тойрогт талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авч, эцсийн мөчид арай гэж тэнцлээ. Ингэснээр хоёр оноо алдаж, 21 оноотой болсноор гуравдугаар байр руу ухарлаа. Тоглолтын 21 дэх минутад Рюдигер тооны харьцааг нээсэн. Харин Марсьяль 55, 73 дахь минутад хоёрыг оруулж, “Улаан чөтгөрүүд” хүчтэй өрсөлдөгчийнхөө талбайгаас хожил авах боломжийг нээсэн. Гэвч 90 дэх минутад Баркли багаа аварч, “Челси” нэг оноотой салсан юм.
“Ливерпүүл” клубын хувьд энэ тойрогт “Хаддерсфилд” багийн талбайд зочилж, 0:1-ээр хожлоо. Ийнхүү тэд хожигдоогүй гэсэн цувралаа хадгалж, 23 оноотойгоор “Сити”-гийн араас хоёрт бичигдэж байна. Хоёр багийг ердөө гоолын зөрүү л зааглаж байгаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 24 дэх минутад Салах оруулжээ.
Бусад тоглолтын үр дүн:
Ньюкасл 0-1 Брайтон
Кардифф 4-2 Фүлхэм
Вулверхэмптон 0-2 Уотфорд
Борнмут 0-0 Саутгэмптон
Вест Хэм 0-1 Тоттенхэм