Испанийн Ла лигийн 9 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийн тэргүүн байраа алдаад байсан “Барселона” клуб энэ тойрогт тэргүүлэгч “Севилья”-г талбайдаа хүлээж авч, 4:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 18 оноотой болж, тэргүүн байраа эргүүлэн авсан юм. Харин “Севилья” гуравдугаар байр руу ухарлаа.
Тоглолтын 2 дахь минутад Коутиньо тооны харьцааг нээж, Месси 12 дахь минутад Ла лигийн 7 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл Суарез 63 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, жижүүрийн нэг гоол оруулсан. “Барса”-гийн дөрөв дэх гоолыг Ракитич 88 дахь минутад оруулж, өрсөлдөгчөө “гүйцээжээ”. Зочин багаас Сарабия 79, Муриэль 90 дэх минутад гоолдсон.
Тэгвэл “Реал Мадрид” клуб энэ тойрогт талбайдаа “Леванте”-д хожигдож, дэлхий нийтийн элэглэлийн бай болж байна. Тоглолтын 6 дахь минутад Моралес тооны харьцааг нээж, Марти 13 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Эзэн хааны багаас Марсело 72 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан. Ийнхүү “Реал” 14 оноотой 5 дугаар байрт бичигдэж байна. Өнөө шөнийн тоглолтуудын үр дүнгээс шалтгаалж 2-3 байр ухрах ч магадлалтай юм.