Манчестер хотын дербид “Сити” илүүрхлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-12

Английн премьер лигийн 12 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж байгаа “Манчестер Сити” клуб талбайдаа нэг хотын баг болох “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авч, туллаа. Өнгөрсөн жил “Этихад” цэнгэлдэхэд болсон тоглолтод “Улаан чөтгөрүүд” илүүрхэж байсан. Тэгвэл энэ удаад “Сити” өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, 32 оноотой болсноор тэргүүн байраа хадгаллаа.

Тоглолтын 12 дахь минутад Давид Сильва тооны харьцааг нээсэн. Улмаар Агуэро 48 дахь минутад нэгийг нэмсэн. Харин зочдоос Марсьяль 58 дахь минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулсан. Харамсалтай нь үлдсэн цагт тэнцүүлж дөнгөсөнгүй. Тэр ч бүү хэл Гюндоган 86 дахь минутад тооны харьцааг холдуулж, “Сити” хожлоо.

“Сити”-тэй тэргүүн байрын төлөө эн тэнцүү өрсөлдөж байгаа “Ливерпүүл” клуб энэ тойрогт талбайдаа “Фүлхэм”-ийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 30 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 41 дэх минутад Салах улирлын 6 дахь гоолоо оруулсан. Түүний араас Шакири 53 дахь минутад нэгийг нэмжээ.

“Челси” клубын тухайд энэ тойрогт талбайдаа “Эвертон”-тай тулж, гоолгүй тэнцлээ. Ингэснээр 28 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тэд хожигдоогүй гэсэн амжилтаа хэвээр нь авч үлдлээ. Ийнхүү Английн премьер лигт эхний 12 тойрогт 3 баг ганц ч хожигдоогүй байна.