Англи, Швейцарь хэсгээсээ гарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-19

Европын шигшээ багуудын дунд болж буй “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөх тийшээ хандаж байна. А хэсэгт багтсан багуудаас хасагдах шатанд шалгарах гурван багийн нэр тодорхой боллоо. Өнөө шөнө Голланд болон Германы багуудын тоглолтоос шалтгаалж дөрөв дэх багийн нэр тодохой болно.

Тэгвэл А4 хэсэгт багтсан Английн шигшээ баг дөрөвдүгээр тойргийн тоглолтоо Хорваттай хийж, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүлсэн юм. Тоглолтын 57 дахь минутад Крамарич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 78 дахь минутад Лингард тэнцүүлж, 85 дахь минутад Кейн нэгийг нэмж, багтаа хэрэгтэй ялалтыг авчирчээ.

Харин А2 хэсэгт багтсан Швейцарийн шигшээ баг талбайдаа Бельгийг хүлээж авч, шийдвэрлэх тоглолт хийлээ. Швейцарьт ганцхан хожил хэрэгтэй байсан. Харин Бельги тэнцээ салгахад болох байв. Гэвч талбайн эзэд өрсөлдөгчөө 5:2-оор бутниргэж, гайхалтай ялалтыг авснаар хэсгээ тэргүүллээ.

Тоглолтын 2, 17 дахь минутад Торган Азар дубль хийж, тэргүүллийг багтаа авчирсан. Гэвч Швецарийн шигшээ гайхалтай нэхэлт хийж, Родригес 26 дахь минутад торгуулийн цохилтоос тэнцүүлж, Сеферович 31, 62, 84 дэх минутад хет-трик хийлээ. Дунд нь Эльведи 62 дахь минутад нэгийг нэмжээ. Ийнхүү Швейцарь А2 хэсгээс гарч байна.

А3 хэсгийн тухайд дөрөвдүгээр тойргийн тоглолтоос үл хамааран Португал хэсгээ тэргүүлэхээр болсон. Өнөө шөнө Польштой тулж, оноогоо ахиулах эсэхээ шийдэх юм.