Испанийн алдарт "Барселона" клуб багийнхаа төвийн хамгаалагч Самуэл Умтитигийн байнгын бэртлээс болж түүнийг өөр нэгнээр орлуулах тал дээр санаа тавьж эхэлжээ. Тиймээс өвлийн солилцооны цонхоор шинэ хамгаалагч авахаар төлөвлөж байгаа аж.
Mundo Deportivo-гийн мэдээлж байгаагаар Каталоны баг "Челси"-гийн дасгалжуулагч Маурицио Сарригийн төлөвлөгөөнд төдийлөн багтахгүй байгаа Андреас Кристенсенг авахаар хөөцөлдөж эхэлсэн гэнэ. Мөн өдгөө 22 настай Дани хөлбөмбөгчинтэй нэгдүгээр сард гэрээ байгуулахад бэлэн байгаа бөгөөд аль хэдийнэ зохих саналыг бэлтгэчихсэн байгаа аж.
Дашрамд дурьдахад, "Барса" хамгаалалтын шугамаа хүчирхэгжүүлэхээр "Наполи" Калида Кулибали болон "Аякс"-ын Маттейс де Лигт нарыг авахаар төлөвлөсөн байсан. Гэвч энэ хоёр тоглогч нэгдүгээр сард багаасаа явахааргүй болоод байгаа юм.