“Манчестер Сити” шөвгийн дөрөвт үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-18

Английн лигийн цом буюу EFL Cup тэмцээний шөвгийн наймын эхний хоёр тоглолт боллоо.  Энэ шатанд “Манчестер Сити” клуб  “Лестер”-тэй тулж, торгуулийн цохилтоос хожсоноор шөвгийн дөрөвт үлдлээ.

Тоглолтын 14 дэх минутад Кевин де Брюйне гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин  Олбрайтон 73 дахь минутад тэнцүүлсэн. Үүнээс хойш гоол оролгүй байсаар торгуулийн цохилтоор асуудлыг шийдсэн юм.  

Улмаар “Сити” өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, дараагийн шатанд үлдлээ. “Лестер”-ээс Харри Магуэр цохилтоо амжилттай болгож, Кристиан Фукс тэргүүтэй гурван тоглогч алдсан. Харин “Сити”-гээс Гюндагон, Жесүс, Зенчинко нар цохилтоо амжилттай болгосноор өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Энэ шатанд “Бертон” клуб “Мидлсбро”-г 1:0-ээр хожиж, шөвгийн дөрөвт үлдсэн. Өнөөдөр “Арсенал” болон “Тоттенхэм”, “Челси” болон “Борнмут”-ын тоглолт болж, шөвгийн дөрвийн үлдсэн хоёр баг тодорхой болно.