Өнөө шөнө Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт болно. Энэ жилд аваргын төлөө Испанийн алдарт “Реал Мадрид” болон Английн “Ливерпүүл” клубүүд шалгарч үлдээд байна. Хэрвээ “Реал” түрүүлбэл Аваргуудын лиг нэртэй болсноос хойш гурав дараалж “Дэлдэн чихт” өргөж чадсан гайхалтай амжилтыг үзүүлнэ. Харин “Ливерпүүл” энэ тэмцээн 6 дахь удаагаа түрүүлэх дайралтыг хийх юм.
Энэ хоёр баг Аваргуудын лиг нэртэй болсноос хойш хоёр удаа таарахад “Реал” хоёуланд нь хожиж байсан. 2014 оны аравдугаар сарын 22 болон арваннэгдүгээр сарын 4-нд хэсгийн тоглолтод хоёр удаа тоглож, “Реал” хожиж байжээ. Тэгвэл “Реал” сүүлийн таван тоглолтод нэг хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсон. Испанийн Ла лигт “Сельта”-г 6:0-ээр бутниргэснийг эс тооцвол бусад тоглолтод тэнцсэн. Тэгвэл “Ливерпүүл” сүүлийн таван тоглолтоос хоёр хожиж, хоёр хожигдож, нэг тэнцжээ. Тэр дундаа Аваргуудын лигт “Рома”-г 5:2-оор хожсон.
Хоёр багтай холбоотой статистик мэдээлэл
Реал Мадрид
-“Реал Мадрид” Аваргуудын лигт 16 дахь удаагаа финалдаж байна.
-“Реал Мадрид” 1981 онд Аваргуудын финалд “Ливерпүүл” хожигдож байсан. Тэгвэл 1998 оноос хойш Мадрид хотын баг энэ тэмцээнд /1998, 2000, 2002, 2014, 2016, 2017/ 6 удаа түрүүлээд байна.
-Испанийн багууд сүүлийн 6 жилд Европын цомын финалд /Европын супер цом ороод/ Английн багуудыг хожиж байгаа. Хамгийн сүүлд “Севилья” 2016 онд “Ливерпүүл”-ийг хожсон.
-Зинедин Зидан, Марсельло Липпигээс хойш Аваргуудын лигт гурав дараалж финалдсан анхны дасгалжуулагч боллоо. Марсельло Липпи 1996-1998 оны улиралд гурав дараалж финалдаж байсан билээ.
-Роналдо энэ улиралд 15 гоол, 3 дамжуулалт өгсөн. Харин Роберто Фирмино 10 гоол, 7 гоолын дамжуулалт өгөөд байгаа нь хамгийн олон гоолд оролцсон тоглогчид болоод байна.
Ливерпүүл
-Ливерпүүл Европын цом/Аваргуудын лигт 8 дахь удаагаа финалдаж байна.
-Ливерпүүл хамгийн сүүлд 2001 онд Европа лигт Испанийн багийг буюу “Алавес”-ыг 5-4-өөр хожиж байсан.
-“Ливерпүүл” энэ улиралд Аваргуудын лигт 6 удаа хаалгандаа гоол алдаагүй. Мөн бүх тоглолтдоо эсрэг багаасаа илүү хувьтай бөмбөг эзэмшсэн. /Барселона”-тай ижил төвшинд тоглосон/.
-Энэ бол Юрген Клопп дасгалжуулагчийн хоёр дахь Аваргуудын лигийн финал. Өмнө нь 2013 онд “Боруссия Дортмунд”-ын хамтаар “Байерн Мюнхэн”-тэй финалдаж, хожигдсон.
-“Ливерпүүл”-ийн довтолгооны гурвал Аваргуудын лигийн финал хүртэл 29 гоол оруулсан нь энэ тэмцээний рекорд амжилт болсон. Салах 10, Фирмино 10, Мане 9 гоол оруулчихаад байгаа юм. Өмнө нь 2013-2014 оны улиралд Роналдо 17, Бэйл 6, Бензеама 5, нийтдээ 28 гоол оруулж байсан билээ.
-Жеймс Милнер энэ улиралд Аваргуудын лигт 8 гоолын дамжуулалт өгөөд байна.