“Ливерпүүл” зургаан оноогоор тасарч, “Сити” гуравдугаар байр руу ухарлаа

O.Admin
2018-12-26

Английн премьер лигийн 19 дүгээр тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб талбайдаа “Ньюкасл”-ыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 51 оноотой болж, тэргүүлээ баталгаажууллаа.

Тоглолтын 11 дэх минутад Ловрен гоолдож, тооны харьцааг нээсэн. Түүний араас Салах 47 дахь минутад энэ улирлын 12 дахь гоолоо оруулж, багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. Тэгвэл Шакири 79, Фабиньо 85 дахь минутад нэг нэгийг нэмж, “Ливерпүүл” энэ улирлын 16 дахь хожлоо авлаа.

Өмнөх тойрогт “Кристал Палас”-т талбайдаа хожигдсон “Манчестер Сити” энэ удаад “Лестер”-ийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ингэснээр 44 оноотой хэвээр үлдэж, бүр гуравдугаар байр руу ухарлаа. Тоглолтын 14 дэх минутад Бернарду Силва тооны харьцааг нээсэн. Харин 19 дэх минутад Олбрайтон хариу барьж, тэнцүүлсэн юм. Улмаар Рикардо Перейра 81 дэх минутад гайхалтай нэгэн гоолыг 16-гийн гаднаас оруулснаар багтаа ялалт авчирлаа. “Лестер” хоёр тойрогт дараалж том багуудыг хожсоноор 28 оноотой 7 дугаар байрт бичигдэж эхэллээ.

“Сити” оноо алдаж байх зуур “Тоттенхэм” клуб талбайдаа “Борнмут”-ыг 5:0-ээр хожиж, 45 оноотой болсноор хоёрдугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 16 дахь минутад Эриксен тооны харьцааг нээсэн бол Сон Хын Мин 23, 70 дахь минутад хоёрыг хийж, энэ улирлын 7 дахь гоолоо премьер лигт орууллаа. Мөн Харри Кейн 61 дэх минутад энэ улирлын 12 дахь гоолоо оруулсан бол Лукас Моура 35 дахь минутад нэгийг нэмэрлэжээ.

Бусад тоглолтын үр дүн

Фүлхэм 1-1 Вулверхэмптон

Манчестер Юнайтед 3-1 Хаддерсфилд

Кристал Палас 0-0 Кардифф

Уотфорд 1-2 Челси

Бөрнли 1-5 Эвертон

Брайтон 1-1 Арсенал