“Манчестер Юнайтед” Бейлийг сонирхож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-28

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч Гарет Бейл Англи руу буцаж магадгүй байна.  Энэ жил 28 настай Уэльс эр Аваргуудын лигийн финалын дараа цаашид хэрхэх талаараа багийн удирдлага болон агенттайгаа ярихаар төлөвлөсөн аж.

Тэрбээр энэ улиралд хангалттай талбайд гарч чадаагүй учраас “Реал”-аас явахаар төлөвлөж байсан.  Бэртэл гэмтэл ч их авч байсан болохоор Зиданы төлөвлөгөөнд бараг багтаагүй. Тэгвэл Аваргуудын лигийн финалд “Ливерпүүл”-ийн эсрэг хоёр гоол оруулсны дараа Зиданы бодол өөрчлөгдсөн байж магадгүй талаар Европын хэвлэлүүд бичиж байна.

Өнгөрсөн зун “Манчестер Юнайтед” Бейлийг сонирхож байсан. Клубын эмч болон дасгалжуулагч Жозе Моуриньо нар түүний бэртэлд нэг их санаа зовохгүй байгаагаа ч илэрхийлж байсан билээ. Тэгвэл he Guardian сонины мэдээлж байгаагаар “Манчестер Юнайтед” дахиад Уэльс эрийг сонирхож эхэлжээ.

Жилийн өмнө тэд түүнийг авах оролдлого хийснийхээ дараа хэтэрхий өндөр үнэтэй, долоо хоногт 600 мянган еврогийн цалин авч байгаа нь ч хэт өндөр өртөг гэж үзэж байсан юм. Дээрээс нь “Манчестер Юнайтед” довтолгооны бүсдээ хүнээр тэгтлээ дутаагүй байгаа. Хэдий тийм ч Бэйл өөрөө “Улаан чөтгөрүүд”-тэй нэгдэх сонирхолтой байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Тиймээсм Уэльс эр Англи руу буцаж магадгүй юм.