Английн премьер лигийн 23 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Хүснэгтийг тэргүүлж байгаа “Ливерпүүл” клуб энэ тойрогт талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, эцсийн мөчид 4:3-аар хожсоноор энэ улирлын 19 дэх хожлоо авлаа.
Мөн энэ улиралд 60 онооны босго давсан эхний баг болж, араасаа нэхэж буй “Сити”-гээс 7 оноогоор тасраад байна. Өнөөдөр “Сити” хожвол 4 онооны зөрүүгээ барих учиртай. Тоглолтын 34 дэх минутад Таунсенд гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч хоёрдугаар үе дөнгөж эхлээд 46 дахь минутад Салах хариуг нь барьсан бол араас нь Фирмино 53 дахь минутад премьер лигийн энэ улирлын 9 дэх гоолоо оруулсан. Гэвч 65 дахь минутад Томкинс тэнцүүлж дөнгөв.
“Ливерпүүл”-д хожлоос өөр юу ч хэрэггүй учраас довтолгоогоо улам нэмж, 75 дахь минутад Салах энэ улирлын премьер лигийн 16 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхлэв. “Кристал Палас”-ынхан энэ өдөр үнэхээр гайхалтай байж, 90 дэх минутад Майер дахин тэнцүүлсэн. Гэвч 90+4 дэх минутад Мане энэ улирлын 9 дэх, энэ тоглолтын хожлын гоолыг оруулснаар багтаа хэрэгтэй 3 оноог авчирлаа.
Энэ тойргийн өөр нэг онцлох тоглолт нь “Арсенал” талбайдаа “Челси”-г хүлээж авсан “тулаан” байлаа. Энэ тоглолтод “Их буучид” өрсөлдөгчөө 2:0-ээр хожсоноор 44 оноотой болж, шилэн дээр нь дарж ирлээ. “Челси” 47 оноотой хэвээр үлдэж байгаа юм.
“Манчестер Юнайтед”-ын хувьд талбайдаа “Брайтон”-ыг хүлээж авч, Погба, Рэшфорд нарын гоолоор 2:1-ээр хожсоноор 44 оноотой болж ирлээ. Хэдий тэд энэ тойрогт 6 дугаар байраасаа ховхроогүй ч гэсэн “Арсенал”-тай оноо тэнцүү, “Челси”-гээс ердөө гурван онооны ард ирж байна. Одоо тэдэнд улирлыг дөрөвдүгээр байрт орж өндөрлүүлэх боломж маш өндөр боллоо.