Дөрвөн авирагч хагас шигшээд өрсөлдөж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-19

Монголын уулчдын үндэсний холбооны долоон тамирчин өчигдөр мөсөнд авиралтын "Бээжин-2019" дэлхийн цомын хурдан авиралтын төрөлд өрсөлдлөө.  Эмэгтэйчүүд өглөө эртлэн тэмцээндээ оролцсон. Гурван эмэгтэй хурдан авиралтын төрөлд өрсөлдсөнөөс  “Сутайн бор” клубын тамирчин, Спорт авиралтын I зэрэгтэй Б.Ариунбаяр амжилттай уралдаж, нэгдүгээр зам дээр 15.49, хоёрдугаар зам дээр 18.08, нийлбэр дүнгээр 33.57 секунд хурдалж,  тавдугаар байр эзэллээ.  Эхний 16 байр эзэлсэн тамирчид цааш хагас шигшээд үлдэж уралдах эрхээ авч байгаа юм.  Хагас шигшээд ОХУ долоо, БНХАУ гурав, Финланд хоёр, Монгол, Польш, Казакстан, АНУ-ын тус бүр нэг тамирчин шалгарсан.

Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд дөрвөн тамирчин гарч уралдсанаас гурав нь хагас шигшээд шалгараад байна. Тодруулбал,  “Сутайн бор” клубын тамирчин, ОУХМ Н.Хэрлэн эхэлж уралдсан бөгөөд нэгдүгээр зам дээр 8.92, хоёрдугаар зам дээр 10.79, нийлбэр дүнгээр 19.71 секунд хурдалж долдугаар байрт шалгарсан байна. 

Харин  “Сутайн бор” клубын тамирчин, Спортын мастер О.Сайханжаргал нэгдүгээр зам дээр 12.13, хоёрдугаар зам дээр 10.13, нийлбэр дүнгээр 22.26 секунд хурдалж арванэгдүгээр байр  эзэлж, хагас шигшээд өрсөлдөхөөр болсон юм. Түүнээс гадна,  МУҮХ-ны багийн тамирчин, Спортын дэд мастер Д.Отгонхүү нийлбэр дүнгээр 20.37 секундын амжилтаар наймдугаар байр эзэлж хагас шигшээд мөн шалгарлаа.  Эрэгтэйчүүдээс хагас шигшээд ОХУ зургаа, БНХАУ дөрөв, Монгол гурав, Иран нэг, Канад нэг, БНСУ нэг тамирчин уралдана. Хагас шигшээ уралдаан өнөөдөр өглөө эхэлсэн билээ.