Английн премьер лигийн 23 дугаар тойргийн хүрээнд “Ливерпүүл” талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, гал гарсан “тулаан”-ы эцэст 4:3-аар буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Салах хоёр гоол оруулж, 16 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.
Мөн тэрбээр энэ тоглолтод хоёрыг оруулснаар премьер лигт 50 дахь гоолоо орууллаа. Египет эр премьер лигт 72 тоглолт хийж, 50 гоол оруулснаар хамгийн хурдан энэ амжилтыг үзүүлсэн тамирчдын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. Энди Коул 65 тоглолтод 50 гоол оруулж байсан бол Алан Ширер 66, Рүүд Ван Нистелрой 68 тоглолтод энэ амжилтыг үзүүлж байжээ.
Харин “Ливерпүүл”-ийн домогт довтлогч Фернандо Торрес мөн 72 тоглолтод 50 гоол оруулж байсан юм байна. Тэрбээр 2013-2014 оны улиралд “Челси”-гийн бүрэлдэхүүнд багтаж байхдаа премьер лигт 2 гоол оруулсан. Харин үлдсэн 48 гоолыг “Ливерпүүл”-ийн төлөө хоёр дахь улиралдаа л оруулж байна. Өнгөрсөн улиралд тэрбээр 32 гоол оруулсан. Харин энэ жил улирал талаасаа дөнгөж өнгөрч байхад 16 гоол оруулаад байгаа билээ.
Тэгвэл энэ жил 26 настай Египет эр премьер лигт хамгийн олон гоол оруулсан Африк хөлбөмбөгчдийн жагсаалтын наймдугаарт бичигдэж байна. Энэ жагсаалтыг Дрогба 104 гоолтой тэргүүлж, Эммануэль Адебайор (97 гоол), Якубу (95 гоол) нар удаалж байна. Харин “Сити”-д хүчин зүтгэж байсан Яя Туре 62 гоолтой дөрөвт бичигддэг бол, Кану 54, Экоку 52 гоолтой тав, зургаад жагсч байгаа юм. Долдугаар байрт “Ливерпүүл”-ийн Манье 52 гоолтой бичигддэг бол Салах 50 гоолтой 8 дугаар байрт жагсч байна.