Роналдо гоолдож, “Ювентус”-ын хожигдолгүй цуврал үргэлжилж байгаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-27

Италийн Сери А лигийн 21 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.  Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Лацио”-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан юм. Ингэснээр 59 оноотой болж, араасаа нэхэж буй “Наполи”-гоос 11 онооны илүүтэй боллоо.

Мөн улирлын 19 дэх хожлоо авч, 21 тойргийн дараах байдлаар ганц ч хожигдолгүй явж байна. Тодорхой хэлбэл, 19 хожиж, 2 тэнцсэн. Тоглолтын 59 дэх минутад Жан өөрийнхөө хаалганд гоолдож, “Лацио” тэргүүлж эхэлсэн. Гэвч 74 дэх минутад Жоау Канселу 74 дэх минутад тэнцүүлж дөнгөсөн. Улмаар 88 дахь минутад Роналдо торгуулийн цохилтоор гоол оруулж, багтаа 3 оноо авчирсан юм. Мөн тэрбээр 15 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.