Парисын "Их дуулга"-ын эхний өдрийн хэсгийн барилдаанууд өндөрлөж байна. Өнөөдөр манайхаас 11 бөх гарч барилдсанаас нэг нь финалд үлдэж, 4 бөх хүрэл медалийн төлөө шалгарч үлдлээ.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар өнөөдөр тун ч сайн байж, финалд үлдлээ. Манай бөх эхний тойрогтоо Болгарын Лукас Даиллог ялсан бол дараагийн учраа болох Молдавын бөх Виктор Стерпуг ч ялсан. Гуравдугаар тойрогт Израилийн Тохар Бутбулыг ялж, хэсгийн аваргын төлөө Лашаг буулгаж авсан. Харин хагас шигшээд Косовагийн Акил Жаковаг нэмэлт цагт цэвэр ялснаар финалд үлдлээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-п барилдсан Д.Амартүвшин хагас шигшээд Казахстаны алдарт бөх Елдос Сметовт ялагдаж, хүрлийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Недерландын Торнайктай барилдана. Эмэгтэйчүүдийн 48 кг-д цахиур хагалсан манай залуу жүдоч Г.Наранцэцэг хагас шигшээд Японы алдарт бөх Кондо Амиг барсангүй. Хүрлийн төлөө манай бөх Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй барилдана.
Жин өгсч барилдсан М.Уранцэцэг хагас шигшээд Шишиме Айтай барилдсан ч ялагдлаа. Хүрлийн төлөө Францын Астрид Нетотай барилдана. Тэгвэл 57 кг-д барилдсан Л.Энхрийлэн хагас шигшээд Канадын Жессика Климкаитыг ялж чадсангүй. Ингэснээр хүрлийн төлөө Японы бөх Момо Тамаокитай барилдана.