“Сити” талбайдаа “Челси”-г бутниргэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-10

Английн премьер лигийн 26 дугаар тойргийн хүрээнд “Манчестер Сити” талбайдаа “Челси”-г хүлээж авч, тун чухал тоглолт хийлээ. Аль аль багт нь хожил хэрэгтэй байсан. “Сити” хожиж байж “Ливерпүүл”-ээс оноогоор тасрах аюулаас холдох байсан. Харин “Челси” хожиж чадвал дөрөвдүгээр байраа хадгалах байлаа.

Харин талбайн эзэд зорилгоо давуулан биелүүлж, хүчтэй өрсөлдөгчөө 6:0-ээр бутниргэж, зургадугаар байр руу унагалаа. Харин “Сити” 65 оноотой болж, гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байна. Гэхдээ бусад багуудаас нэг тойргийн тоглолт илүү хийсэн.

Тоглолтын 4, 80 дахь минутад Стерлинг хоёрыг оруулж, 12 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтад бичигдэж байна. Тэгвэл Агуэро 13, 19, 56 дахь минутад хет-трик толилуулж, 17 гоолтой болсноор премьер лигийн энэ улирлын мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Үлдсэн нэг гоолыг Гюндоган 25 дахь минутад оруулсан юм.

“Тоттенхэм”-ийн хувьд энэ тойрогт талбайдаа “Лестер”-ийг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 60 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Тоглолтын 33 дахь минутад Давинсон Санчес гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Эриксен 63 дахь минутад нэгийг нэмжээ. Харин зочин багаас Варди 76 дахь минутад тооны харьцааг ойртуулсан ч Сон 90 дэх минутад гоолдож, “Тоттенхэм” хожлоо.