Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт спортын салбарынхан болон холбоодын удирдлагатай ажил хэрэгч уулзалт хийлээ. Сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, спортын байнгын хорооны даргын хувиар энэ салбарынхантай уулзаж, тухайн үед тавьж байсан олон асуудал нааштай шийдэгдсэн болохыг уулзалтад оролцогчид дурдлаа.
Энэ удаагийн уулзалтаар Токио-2020 олимпын бэлтгэл ажлын хүрээнд тулгамдсан асуудал болон бусад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээний талаар салбарынхны саналыг сонслоо.
Токио 2020 оны олимпд анх удаа багийн жүдо бөхийн төрөл нэмэгдэж байгаа. Тиймээс Үндэсний шигшээ багийн болон массажистын орон тооны асуудал, бэлтгэл хийх нэгдсэн өөрийн гэсэн баазтай болох, тамирчдын эрүүл мэнд витаминжуулалтын асуудлыг салбарынхан хөндөж байна.
Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Олимпд бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулах нь зүйтэй. Энэ хуралд төсөв мөнгө, орон тоо, эм бэлдмэлийн асуудлаа тооцоотой, гарц шийдэлтэй нь оруулахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Тавигдсан төсвийн мөнгийг жижиг тэмцээн уралдаан зохион байгуулаад дуусах биш харин үлдэцтэй, нэн шаардлагатай ажил арга хэмжээнд зарцуулахыг санууллаа. Олимпын өмнөх жил учраас үүнд чиглэсэн ажил арга хэмжээнд яамны зүгээс түлхүү анхаарч ажиллана гэлээ.