Аваргуудын лигийн 1/8 шигшээд Испанийн “Атлетико Мадрид” болон Италийн алдарт “Ювентус” клубүүд учраа таарсан. Өнгөрсөн шөнө хоёр баг эхний тоглолтоо Испанид “Атлетико Мадрид”-ын талбайд хийлээ.
Энэхүү тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, маш том давуу талтай боллоо. Харин Аваргуудын лигт түрүүлэхийн төлөө бүрэлдэхүүнээ жил ирэх тусам зузаатгаж байгаа Турин хотын багт шөвгийн 16-г давж чадалгүй бүдрэх аюул нүүрлэлээ.
Энэ удаагийн тоглолтод “Ювентус” өрсөлдөгч багийнхаа хамгаалалтыг яаж ч чадсангүй. Роналдод огт бөмбөг очоогүй гэхэд болно. Харин тоглолтын 78 дахь минутад Хименес тооны харьцааг нээсэн бол Годин 83 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.
Хариу тоглолт “Ювентус”-ын талбайд болно. Тэр тоглолтод Турины баг 3 гоолын зөрүүтэй хожих даалгавартай боллоо. Тийм боломж ч байгаа. Гэхдээ “Атлетико” 90 минут хамгаалж, үр дүнгээ хадгалж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой. Магадлал Испанийн багийн талд илүү байна.